УДААН ДУНШСАН 300 ОРТОЙ ЭМНЭЛЭГ УДАХГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ХҮЛЭЭЖ АВНА
2019 оны 4 сарын 10

Яармагийн дэнжид боссоор нэлээд удаж буй нэгэн том барилга бий. Дөрөвдүгээр төрөх эмнэлэг барих гэж байна, баригдаж байна гэсээр бараг арваад жил болсон. Гэхдээ араг яс нь хагас дутуу босоод, ажил нь зогсоод удсанаа бодвол одоо байшин төрхөндөө орж, өнгө зүс нь ч сайжирчээ. 

Монгол улсын нийт хүн амын 10 орчим хувь нь аж төрдөг Сонгинохайрхан дүүрэгт төрөх насны 68 мянган эмэгтэй бий. Тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй хоёрдугаар төрөх эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газрын хувьд хүчин чадал нь 75 ортой ч 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа болохоор 30 хүрэхгүй м.кв талбайд эх хүүхэд нийлсэн 12 хүн агааргүй, бөгчим орчинд  хэвтэн эмчлүүлж байна. Уг нь эмнэлгийн стандартаараа нэг эхэд 6 м.кв талбай ногдох ёстой  аж. Дээр нь 60 жилийн нүүр үзэж байгаа барилга нь хэдийнэ ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Иймээс тус эмнэлгийг Яармагийн дэнжид баригдаж буй дээрх барилга руу нүүлгэн шилжүүлэх сайдын тушаал гарсан аж.

Өнгөрсөн өвөл олон нийтийн сүлжээгээр дүүрэн эмнэлгийн хонгилд газар хэвтсэн эх, хүүхдүүдийн зураг хөвөрч, тэдгээрийг дагасан шүүмжүүд өрнөж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Хавар, зун, намар улирч, хайруу өвөл ирдгээрээ ирнэ. Ханиад томуу тархаж, хүүхэд, хөгшидгүй эмнэлэг рүү хошуурна. Тэр цагт дахиад л ор хүрэлцээгүй гэсэн олхиогүй тайлбараа тавиад, эх үрсэд элдэв чирэгдэл учруулах вий гэсэн эмзэглэл сэтгүүлч намайг энэ эмнэлэг рүү хөтөлсөн билээ. 

Биднийг талбай дээр очиход ажил өрнөж байгаа бололтой, энд тэнд хөдөлсөн, хөлхөлдсөн хүмүүс таарч байлаа. Талбайн инженер Э.Золбаяр гэж өөрийгөө танилцуулсан залуугаас барилгын ажлын явцын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Хөвөрсөн утасны үзүүрийг дагаж, бас бус хүмүүстэй уулзсаар багагүй мэдээлэл цуглуулаадхав. 

34  хувьтай хүлээж авсан барилгыг 80 хувьд хүргэжээ

Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх, 300 ортой, үүнээс 140 нь амаржих газар, 160 нь хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв байхаар төлөвлөж байгаа уг эмнэлгийн захиалагч нь Эрүүл мэндийн яам, ашиглагч нь Хоёрдугаар төрөх эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар, гүйцэтгэгч нь “Томо бьюлдинг” компани аж. 

Цаг хугацааг урагшлуулж харвал, анх 2008 онд тус эмнэлгийг барих Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах, тендер зарлах гэсээр 2011 оны хавраас сонгон шалгаруулалтад шигшигдсэн “Нийслэл өргөө”, “Пума констракшн” гэсэн хоёр компаний консерциум барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн байна. 

Анх тендер зарлагдахад төсөвт өртөг нь 19 тэрбумаар тооцоологдсон бөгөөд дээрх консерциум санхүүжилтээ авсан ч 2013 оны хавраас санхүүжилт нь хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар барилгын ажлыг зогсоож, төслөөс гарчээ. Улмаар захиалагч тал маргаан үүсгэж, шүүхдсэнээр гүйцэтгэгчид нь торны цаана суух болсон аж. 

Харин 2017 онд Үндэсний хөгжлийн газар Засгийн газрыг төлөөлж, “Томо бюлдинг” компанитай 25.7 тэрбум үнийн дүн бүхий концессын гэрээ байгуулснаар тус компани 2017 оны есдүгээр сараас “царцсан” барилгын ажлыг үргэлжлүүлсэн байна. 

Барилгыг хүлээж авах үед барилгын үндсэн хийц буюу карказны ажил 90 хувьтай, блокон өрлөгийн ажил 65 хувьтай, зоорийн давхруудад олон жил эзэнгүй байсны улмаас дээврийн болон үерийн ус дүүрсэн байдалтай байжээ. Мөн өмнө хийгдсэн зарим ажил чанарын шаардлага хангахгүй болсон тул дахин эхнээс нь хийхэд хүрсэн байна. Товчхондоо барилгын гүйцэтгэл 34 хувьтай байсан гэж дүгнэжээ. 

А, Б, В, Г, Д, Е, Ж хэмээх 7 блокоос бүрдэх уг барилгын бүх дээврийн ажил дууссан. Е блокын барилга болон гадна цахилгааны дэд өртөөний гурван барилгын ажил бүрэн дууссан. Түүнчлэн дотор болон гадна инженерийн шугам сүлжээний ажил, салхивч болон сангийн шугам сүлжээний монтажнууд, тусгаарлах ханын өрлөг, тэгшилгээ, гипсэн тааз, шал цутгалт, гадна зам талбайн тохижилт, өндөржилт болон хашааны ажлыг 100 хувь гүйцэтгээд байгаа аж. Харин гадна фасадны ажил 80 хувьтай, лифт угсрах ажил эхэлсэн байгаа нь барилгын ажлын явцын тайлангаас харагдаж байв. Ерөнхийдөө 34 хувьтай орхисон барилга өнөөдрийн байдлаар 80 хувьд хүрээд байгааг гүйцэтгэгч тал хэлсэн. 

Э.Золбаяр: Нэмэлт ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн

Барилгын ажлыг гүйцэтгэх явцад ажлын даалгаварт ороогүй, төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлууд нэлээд гарч ирсэн байна. Энэ талаар талбайн инженер Э.Золбаяр хэлэхдээ: 

-Концессын гэрээний хүрээнд өгөгдсөн ажлын даалгавруудыг гүйцэтгэх явцад огт тусгагдаагүй ажлууд нэлээд гарч ирж байсан. Хүний гар хүрэлгүй дөрвөн жил болсон барилга болохоор аргагүй шүү дээ. Манай компанийн зүгээс тэдгээр ажлыг улсаас нэмэлт төсөв, санхүүжилт шаардахгүйгээр өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, бороо, дээврийн усаар дүүрсэн байсан тул бүх блокын зоорийн давхрын хөрсийг сольж, буцаан дүүргэлт хийсэн. А, Б блокын ханын шавардлагыг нурааж, шинээр шавардсан. Удаан хугацаанд ил байсан өрлөгүүдийг бэхэлж, зарим хэсгийг нураагаад, шинээр өрсөн. Гадна фасадны хөөсөнцөр хавтангийн зузаан нэмэгдсэн. Мөн гадна шугам сүлжээнии ̆холболтын цаг өөрчлөгдсөнтэй холбогдуулан зураг өөрчлөгдсөнөөс нэмэлт ажил, гарч төсөвт өөрчлөлт гарсан. Гадна тохижилтын өндөржилт болон талбайн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинээр зураг төсөл боловсруулж, ажлыг хийж эхлүүлсэн. Ж блок болон мэс заслын тасгийн тохижилтын зураг төсөл байгаагүй тул шинээр хийсэн. Зургийн автор ажлын явцыг тогтмол хянаж байх ёстой. Гэтэл төлбөр тооцоотой холбоотойгоор зарим зургийнх нь зохиогч тодорхойгүй байсан байх жишээтэй. Мөн Г блокын хурлын зааланд үзэгчдийн суудал хийсэн. Барилгын талбай дотор гадны байгууллагын шугам сүлжээ явсныг зөөсөн гээд тоочоод байвал барагдахгүй олон ажил бий. Энэ бүхэнд компаниас холбогдох зардлуудыг шийдвэрлээд явж байгаа бөгөөд зураг батлагдаж дууссаны дараа ажлын тоо хэмжээ болон төсөв бэлэн болохоор байгаа гэлээ.

Ямартай ч гүйцэтгэгч компанийн зүгээс санаачилгатай, хурдтай ажиллаж байгааг захиалагч талынхан хүлээн зөвшөөрнө билээ. Гэрээ ёсоор эмнэлгийн барилгыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах ёстой. Гэвч амжих эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Учир нь өнгөрөгч оны 11 дүгээр сараас өмнө дулаанаа авч, өвлийн саруудад дотор заслын ажил хийгдэх ёстой байсан ч төрийн байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоогүй ажилладгаас болж “зөвшөөрөл” хэмээх түгжээнд тээглэж, дулаанаа авч чадалгүй, өвлийн саруудыг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлсэн байна. Өвөл дуусаад хавар боллоо. Өнгөрөгч 3 дугаар сарын нэгэн гэхэд дулаан өгнө гэсэн ч 20-ноос өгч эхэлжээ. Ингээд дотор заслын ажил дөнгөж эхлээд явж байгаа аж. 

М.Отгонбаяр: Сайхан энергитэй газрыг бүтээн байгуулж байгаагаараа манай хамт олон бахархдаг

Хэдийгээр дулаанаа авсан ч барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд багагүй бэрхшээл байгааг  “Томо бьюлдинг” компаний Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр учирлав. “Дулаан хожимдож авсан, цахилгааны үндсэн техникийн нөхцөлийн зөвшөөрлөө авсан ч гадна бохирын шугамын зөвшөөрөл гараагүй л байгаа. Түүнчлэн гадна тохижилтын ажил, хүчил төрөгчийн шугам сүлжээ болон үйлдвэр, мэс заслын өрөөний тохижилт, гадна цахилгааны хоёр дэд станц, генератор, дотор засалтай холбоотой өөрчлөлтүүд гэхчлэн анхнаасаа ажлын даалгаварт огт тусгагдаагүй, эмнэлгийн стандарттай холбогдон гарч буй бусад нэмэлт ажлуудыг хийх шаардлага барилгын талбайд гарч ирсэн. Ажлын даалгаварт тусгагдаагүй, төсөв нь шийдэгдээгүй гээд орхиж болохгүй, заавал хийж байж барилгыг ашиглалтад хүлээж авах учиртай юм л даа. Тэгэхээр эдгээр ажлын санхүүжилтийг төсөвт суулгахаас өөр аргагүй болж байгаа юм. Үүнийг манай захиалагч буюу Эрүүл мэндийн яамныхан хүлээн зөвшөөрдөг, та нар ажлаа хийж бай, бид шийднэ гэдэг. Манай орны улс төрийн байдал тогтворгүй байдаг болохоор асуудал шийдэгдэхгүй, бид нэмж оруулсан хөрөнгөө олж авч чадахгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсчих вий гэдэг болгоомжлол бас байгаа. 

Гэхдээ бид залуу хүмүүс болохоор аль болох өөдрөгөөр харж, болгож бүтээх талаас нь концесс эзэмшигчийн хувьд хичээж зүтгэж байна. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. Монголын маань мянга мянга үрс мэндлэх ийм сайхан энергитэй газрыг бүтээн байгуулж байгаагаараа манай хамт олон ихэд бэлэгшээж, бахархаж байгаа. Тийм болохоор “хөдөлвөл хөлс, зогсвол зоос” гэсэн зарчим барихаас илүүтэй нийгмийн хариуцлагаа хүлээж, компанийн санхүүгийн боломжийн хүрээнд шийвэрлэх асуудлуудыг шийдээд явж байгаа” гэсэн юм. 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс захиалагчийн хувьд бохирын шугамын зөвшөөрөл болон нэмж гарч буй төсөв хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: “Гадна бохирын шугам хүлээгдэж байгаа нь үнэн. Үндэсний архивын ерөнхий газар насосоо суурилуулахаар шугам татахаар тохиолцсон ч гацаанд орчихоод байна. ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг гараад, ажлын явцтай танилцаж, шийдвэрлэх арга зам эрэлхийлж байгаа. Төсөв мөнгөний тухайд нэмэлт зардлууд гарч байгаа нь ч үнэн. Барилгын зураг 2008 онд хийгдсэн, түүнээс хойш эрүүл мэндийн салбарт технологийн хувьд маш их өөрчлөлт гарсан. Үүнтэй холбогдуулаад гадна тохижилт, вакум мэс заслын өрөө, хүчилтөрөгчийн ханын систем, үйлдвэр зэрэг нэмэлт өөрчлөлтууд хийх шаардлага урган гарч байгаа. Шаардлагатай хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэхээр ярьж байгаа.” гэв. 

Ямартай ч 300 ортой, Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажил урагшилж байна. Захиалагч, гүйцэтгэгч хоёр тал ойлголцоод явж байгаа юм байна. Барилгыг хугацаандаа хүлээлгэн өгч, ирэх өвөл ид утааны үеэр ханиад томуунд нэрвэгдэх хүүхдүүд газраар биш орчин үеийн тоноглол бүхий, шинэхэн өрөөнд хэвтэж, тавтай тухтай үйлчлүүлэх боломжтой болно гэсэн итгэл тээж, хүлээх л үлдлээ. 



Эх сурваж: “Өдрийн сонин”

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл