Хэлмэгдсэн эмэгтэйчүүд
2018 оны 12 сарын 3
“Хэвлийд хөдөлж байгаа үрийг минь өрөвддөггүй, өршөөдөггүй нь даанч харамсалтайяа. Үнэн мөнийн цагаатгал хэзээ нэгэн цагт ирэх юм шүү!” хэмээсэн Дунгаржидын  хашгираан өдгөө хүртэл түүхийн хуудаснаа цуурайтсаар...

 Шинэ үеийн түүхэнд шүүхийн тогтоолоор  бие давхар эмэгтэйд цаазлах ял тулгасан явдал Монголоос өөр газар бичигдсэнгүй. Энэ харгислал ЗХУ-ын их удирдагч И.В.Сталины “их цэвэрлэгээ” хэмээн нэрийдсэн их хядлагын нэгээхэн хэсэг байсан юм. Зөвлөлтийн эсрэг үзэлтнүүдийг  хомроголон хороож байсан энэ үед  хорь орчим эмэгтэйг “хувьсгалын эсэргүү” нэрээр шийтгэснээс тавыг нь цаазалж, түүнээс хоёр нь бие давхар байсан гэсэн баримт байдаг.



 Буриад зоны эгэл бүсгүй  Дугарын Дунгаржид тухайн үедээ нийгмийн сор болсон эмэгтэйчүүдийн нэг байлаа. 1924 онд ХЗЭ-ийн гишүүн болж 1927 онд Намын төв сургуулийг төгсжээ.  Мөн ондоо Хэнтий аймгийн Намын Хороонд эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр  ажиллаж байгаад 1930 онд  уг албанаас  гарсан байдаг. Энэ завсар намын YI, YII их хурлын төлөөлөгч, Бүгд хурлын  гишүүн, улсын Y их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байжээ.  Мөн Хэнтий аймгийн Онон Дадал сумын хошуу даргаар ажиллаж  байгаад халагдан түүнээс хойш  хийсэн  албан ажилгүй, өөрийн хэд гурван  малыг маллаж  байгаад Лхүмбийн хэрэг гэж түүхэнд тэмдэглэгдсэн зохиомол хэргээр баривчлагджээ.  

 Дунгаржид баривчлагдсанаас нэг сарын дараа хэргээ хүлээсэн байдаг. Гэхдээ дөнгөж баривчлагдахдаа өгсөн мэдүүлгээс тэс ондоо мэдүүлгээр хэрэг хүлээсэн бөгөөд энэ нь Дотоодыг хамгаалах газрын харгис хэрцгий  байцаалтын үр дүн байлаа. 1933 оны 9 дүгээр сарын 28-нд Дунгаржидаас авсан байцаагч Борхгүүгийн сүүлийн мэдүүлэгч: “Би танай Дотоодыг хамгаалах газар сар гаруй байцаагдлаа. Та нарын хэлсэн бүхий л зүйлүүдийг цөм зүйтэй хэмээн зөвшөөрсөн. Иймд өөр хэлэх зүйлгүй” гэжээ. Эмэгтэйчүүдийг эр хүнээс  ялгаж үзэлгүй хатуу чанга байцаадаг байсан нь ийнхүү харагддаг. Тухайлбал, байцаагдагчийг халуун галаар шарах, лаагаар үсийг нь хуйхлах, нүүр амыг нь тамхины галаар түлэх  зэрэг амьд хүн  тэсэхийн аргагүй эрүү тулгадаг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

 Амьдралын зах зухаас дөнгөж амталсан залуу сайхан бүсгүйчүүл хань ижил, үр хүүхдээсээ халуун өврөө аваад, хүйтэн хөнжил үлдээж орхиод огт байгаагүй юм шиг арчигдан үгүйрсэн юм. Тэр дундаа үрийн зулай үнэрлэх нь гэж баярлаж байсан эх хүн төрөөгүй үрийнхээ хамт буун дуу сонсоно гэдэг бүр чиг аймшигтай. Эхийнхээ дууг ч сонсож амжаагүй мөртлөө буун дуу сонссон үрийг чухам ямар ирээдүй, ямар амьдрал хүлээж байсан болдоо.

 Өглөө мандах гэж гарсан нар өглөөдөө буцаад жаргадаг тийм л цөвүүн цагийг Монголын эмэгтэйчүүд туулсан юм. 

Үргэлжлэл бий...
Э.Гэрэлмаа
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё - ын тал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл