Хөхүүл үед жирэмслэх үү?
2016 оны 5 сарын 17

Орчин цагт залуу гэр бүлүүд ихэвчлэн ганц хүүхэд төрүүлж өсгөдөг болоод байгаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа хүүхэд нь ээж, ааваасаа дүү нэхэх эсвэл бусад найз нөхдийнхөө дөнгөж төрсөн хүүхдийг хараад өхөөрдөж шийдвэрээ өөрчлөх нь элбэг байдаг.

Ихэнх эцэг эхчүүд хоёр хүүхдийн хоорондын зайг хамгийн багадаа 3-4 жил байхаар төлөвлөдөг байхад цөөхөн тооны гэр бүл хүүхдүүдээ ойрхон төрүүлж тэрсхэн өсгөх үүднээс мэргэжлийн эмч нараас хамгийн ойрхон хэдийд төрүүлж болох талаар зөвлөгөө авдаг байна.

Төрсний дараа дахин жирэмслэх, дахин төрөх хугацааны талаар одоогоор шинжлэх ухаан нарийн цаг хугацаа заагаагүй байгаа ч ерөнхий чиг хандлага 2 төрөлтийн хооронд хамгийн багадаа 2 жил байх ёстой хэмээн үздэг. Гэвч 2009 оны 12 сард үр дүнгээ нийтэлсэн нэгэн судалгаанаас үзэхэд төрсний дараа 6 сарын дотор дахин жирэмсэлсэн эхчүүдийн хувьд дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх эрсдэл илүү өндөр байгаа нь тогтоогдсон байна. Мөн энэ судалгааны үр дүнд төрсөний дараа 60 сар буюу 5 жил, түүнээс удаан хугацааны дараа төрөхөд дутуу төрөх эрсдэл мөн ихсэж байгаа нь ажиглагдсан байна. Үүнээс үзэхэд төрсний дараа хамгийн ойрдоо 11 сарын дараа жирэмслэхэд ямар нэгэн эрсдэл байхгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Эмэгтэйчүүд төрсний дараах эхний саруудад дахин жирэмслэдэггүй гэж боддог. Үүний учир нь бэлгийн харьцаа тогтворжоогүй байдаг бөгөөд хүүхдээ хөхөөр хооллож байгаа учир жирэмслэхгүй хэмээн боддог. Тэр дундаа зохиомлоор буюу үр шилжүүлэн суулгах замаар жирэмсэлж төрсөн эхчүүд төрсний дараах саруудад жирэмслэх магадлал огт байхгүй гэж боддог ч, хамгийн ихээр тэд жирэмсэлдэг болох нь тогтоогдсон байдаг.

Хөхүүлэх нь үнэхээр жирэмслэлтээс хамгаалдаг уу?

Энэ асуултын хариулт “тийм” ба “үгүй” хоёулаа мөн. Эрт дээр үеэс хүмүүс өнөөг хүртэл хөхүүл байх үед жирэмслэх магадлал бага байдаг гэдэгт итгэсээр ирсэн. Тэр ч бүү хэл үүнийг жирэмснээс хамгаалах нэгэн арга болгон хэрэглэж байжээ. Гэвч орчин цагт энэ арга барил нь жирэмснээс хамгаалах арга биш болсон. Төрсний дараах үед эхчүүд хүүхдээ сайн хөхүүлбэл сарын тэмдэг ирэхгүй гэдэгт итгэдэг. Тэгвэл энэ нь ташаа бодол. Төрсний дараах үед ихэнх эхчүүдийн сарын тэмдэг 5-6 сарын дараа үзэгддэг. Үүний зэрэгцээ сарын тэмдэг ирэх хугацаа нь төрсний дараа 2-3 сарын дараа байж болох ч, бүр 13-14 сар хүртэл ирэхгүй байж ч мөн болно. Үнэн хэрэгтээ бол жирэмслэлтээс хамгаалахдаа холбоотой хамгийн гол үзүүлэлт бол “сарын тэмдэг ирэх” юм.

Хөхүүлэх ба жирэмслэлтээс хамгаалах хоёр үйлдлийн холбоосыг нарийн судалсан эрдэмтэн судлаачид эцэс төгсгөлд нь эх хүүхэд хоёр хоорондын энэ хүчтэй холбоос нь жирэмслэлтээс үнэхээр 98 хүртэл хувьтай хамгаалдаг болохыг нотолж, үүний гол нөхцөл болзолыг дараах 3 нөхцөлөөр тогтоосон байдаг байна.

Эдгээр нөхцөлүүд нь:
1. Төрсөн эхийн сарын тэмдэг огт ирж эхлээгүй байх (төрсний дараах шавхарга нь сарын тэмдэгт тооцогдохгүй)
2. Хүүхэд 100 хувь эхийн сүүгээр хооллодог байх
3. Хүүхэд 6 сар хүрээгүй байх

Энэ 3 тохиолдол эхэд гурвуулаа байгаа тохиолдолд орчин цагийн жирэмслэлтээс хамгаалах аргуудын аль нэгийг хэрэглэж байгаа мэт эхийг жирэмслэлтээс бүрэн хамгаалж чадна гэсэн үг. Гэвч хүүхэд 6 сар хүрэхэд нөгөө 2 нөхцөл үргэлжилсээр байсан ч гэлээ, жирэмслэлтээс хамгаалах чадвар нь өдөр өдрөөр буурсаар байдаг байна.

Энэ 3 нөхцөл дундаас хамгийн гол нь сарын тэмдэг ирээгүй байх тохиолдол юм. Сарын тэмдэг ирмэгц эхийн өндгөвчний үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхэлж байгаа учир эх дахин жирэмслэх магадлалтай болж эхэлснийг харуулна. Иймээс эхчүүд сарын тэмдэг ирсэн нь л бол дахин жирэмслэхгүйн тулд “жирэмслэлтээс хамгаалах нөлөө бүхий аль нэг арга барил”-ыг зайлшгүй хэрэглэж эхлэх ёстой. Төрсний дараах 8 дахь долоо хоногоос хойш доош ямар нэгэн байдлаар цус үзэгдэх нь “жирэмслэх магадлал дахин эхэлж” байгаагийн тод дохио хэмээн ойлгож болно.

Ойрхон жирэмслэх
Аливаа жирэмслэлт төрөлтөөр дуусаж, дараачийн жирэмслэлт эхлэх хүртэлх хугацааг “жирэмслэлт хоорондын хугацаа” гэж нэрлэх ба сүүлийн төрөлт, дараачийн төрөлт хоорондын зайг “төрөлт хоорондын зай” гэж нэрлэнэ. Төрөлт хоорондын зай бага байх тусмаа жирэмсний үед зулбах, төрсний дараах эхний саруудад хүүхдээ алдах эрсдлүүд өндөр байдаг байна. Үүний зэрэгцээ жирэмслэлт хоорондын зай бага байх тусам жин багатай хүүхэд төрүүлэх, ургийн хөгжил доройтох зэрэг асуудлууд үүсдэг байна.
Төрөлт хоорондын зай 12 сараас бага байх нь тухайн эхийн хувьд зарим асуудлыг үүсгэдэг. Эдгээрээс хамгийн ноцтой нь эхэд цус багадалт үүсэх явдал юм. Түүнчлэн ойрхон төрсөн эх хоёр жаахан хүүхэд асардаг болохоор сэтгэл санааны болон бие махбодийн хүнд дарамтанд ордог нь үнэн. Үүнийг аганаах ухааны хэлэнд “ядарсан эхийн синдром” хэмээн нэрлэдэг байна. Харин эрүүл мэндийн хувьд өөр бусад ямар нэгэн асуудал үүсдэггүй.

Эх хүн болно гэдэг Бурханаас бидэнд заяасан маш том бэлэг боловч энэ бэлэг нь хариу нэхсэн, хариуцлага өндөртэй бэлэг юм. Эх хүн өөрт байгаа бүхий л эрч хүч, цаг заваа үрдээ зориулна, тэр дундаа төрсний дараа удалгүй ажилдаа орсон эхчүүдийн хувьд ажлын ачаалал, хүүхдийн асаргаа, гэр орны асуудал, нөхөртэйгээ тодорхой шалтгааны улмаас түр тар хийхээс эхлээд үнэхээр амаргүй ажил өрнөж эхэлдэг. Энэ бүхэн бэлэгний хариу болон эмэгтэй хүн дээр дарамт үүсгэнэ. Өөртөө цаг зав гаргаж чадаагүйн улмаас зохистой хооллолт, жин нэмэх асуудал үүснэ. Ойрхон төрөхийн хамгийн сул тал нь “ядарсан эхийн синдром” хэмээх маш их ачаалалтай ажил байдаг.
Дөнгөж төрөөд удаагүй байж байгаад дахин жирэмсэлсэн эхийн хувьд өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ төлөө хийх хамгийн сайн зүйл бол өөрөө боломж олдох бүрийд сайн амарч байх, шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар аминдэм, эрдэс бодисыг нэмэлтээр хэрэглэж, эрч хүч, тамир тэнхээ сэлгэх хоол хүнсийг байнга хэрэглэж байх хэрэгтэй.

Жирэмслэлт хоорондын зайны хувьд хэрвээ та жирэмсэн байж байгаад зулбасан бол дахин жирэмслэхийн өмнө зулбалтыг давтахгүйн тулд 3-4 сар хүлээх хэрэгтэй гэж мэргэжлийн эмч нар үздэг ч шинжлэх ухаан үүнийг няцаасан байдаг. Учир нь зулбалт, дутуу төрөлт зэргийг дахин давтахгүйн тулд удаан хугацаа хүлээхэд үүнээс урьдчилан сэргийлдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо огт байдаггүй. Голланд улсад хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд зулбасан эх 3 сарын дотор дахин жирэмслэхэд жирэмслэлттэй холбоотой ямар ч сөрөг нөлөө байхгүй болохыг харуулсан байдаг.

Иймээс зулбасан эхэд дахин жирэмслэх хугацааг заахдаа өөр ямар нэгэн сөрөг хүчин зүйлс байхгүй бол жирэмслэх хугацааг хязгаарлахаас зайлсхийх нь зүйтэй.

Эхийн болон хүүхдийн эрүүл мэнд талаасаа төрөлт хоорондын зай маш чухал байдаг. Хамгийн боломжийн хугацаа төрөлт хооронд 2 жил байдаг. Гэвч энэ бол тогтсон хугацаа биш бөгөөд тухайн эхийн нас, эрүүл мэндийн байдал, боловсрол, эдийн засгийн байдал, хамгийн сүүлчийн жирэмсний үеийн байдал, хүүхдээ хөхүүлсэн хугацаа зэргээс шалтгаалаад эх тус бүр дээр өөр өөр байна. Гэвч ерөнхий төлөв байдлыг ажиглаж харахад төрөлт хоорондын хамгийн боломжтой зай бол 18 сар байдаг. Англи улсад 1989-1996 онуудын хооронд үргэлжилсэн 173.205 төрөлтийг ажигласан нэгэн судалгаанаас үзэхэд эхийн болон хүүхдийн эрүүл мэнд талаасаа төрөлт хоорондын зай хамгийн багадаа 18-23 сар байвал хамгийн тохиромжтой гэсэн үр дүн гарсан байдаг.

Хөхүүл үедээ жирэмслэх

Эх хүүхэд хоёрын хооронд хамгийн хүчтэй холбоос хөхөөр дамжиж тогтдог. Хөхүүлэх нь хөхүүлж буй эхийнхээ хувьд, эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн хувьд ямар их ач холбогдолтой гэдэг нь маргаангүй хэрэг. Сүүлийн үед үйлдвэрлэж буй эхийн сүү орлуулагч нь эхийн сүүний адил хэмжээний тэжээллэгтэй гэж байгаа ч төрсний дараах эхний 6 сард хүүхдийг хөхөөр хооллох нь эх хүүхдийн хувьд маш чухал юм. Энэ хугацаанд эх өөрөө ч жирэмслэлтээс бүрэн хамгаалагдах болно.

Хөхүүл үедээ жирэмслэх нь тийм ч цөөн тохиолдол бус юм. Хөхүүл үед жирэмслэх тохиолдол нь ихэнхдээ төлөвлөөгүй/хүсээгүй жирэмслэлт байдаг учир ихэнх тохиолдолд “үр хөндүүлж” жирэмслэлтийг дуусгавар болгодог. Эхчүүд мэдээж дөнгөж төрсөн хүүхдээ сайн асрах үүднээс энэ аргыг сонгохоос өөр замгүй болдог.

Мөн хүмүүсийн ам дамжсан ярианаас харахад төрсний дараа ойрхон дахин жирэмслэхэд зулбах, дутуу төрөх эрдэлтэйн зэрэгцээ эхийн хэвлийд бойжиж буй ураг муу хөгждөг, эхийн сүүний чанар мууддаг, хөхүүл хүүхэд нь туранхай эцэнхий болдог гэдэг шалтгаанаар үр хөндүүлэх нь түгээмэл байдаг.

Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар энэ нь ор үндэсгүй болох нь тогтоогдсон байна. Хөхнөөс сүү ялгаруулагч даавар болох “окситосин” нь мөн эхийн савны агшилт, базалтыг үүсгэдэг даавар юм. Гэхдээ савны энэхүү агшилт нь бага зэргийн, үл ялиг базалт байдаг бөгөөд зулбалт, дутуу төрөлтөд хүргэхүйц хэмжээний хүчтэй биш болох нь тогтоогджээ.

Жирэмсний үед хүүхэд хөхүүлэх нь эхийн хэвлий дэх урагт сөрөг нөлөөтэй гэдэг нь тэр чигээрээ буруу мэдээлэл юм. Хөхүүлж буй хүүхдийнхээ хувьд дархлаа сайжруулах бидисын хэмжээ /жирэмсэлсэн тохиолдолд/ багасдаг нь тогтоогдсон ч, бусад талаараа хөхөж буй хүүхдийн хэрэгцээг бүрэн хангасан хэвээр байдаг гэнэ.

Жирэмсний үед хүүхэд хөхүүлэхийн хамгийн муу сөрөг тал нь эхийг ядрааж, сульдаадагт байдаг. Тухайн ээж илүү сайн амрах шаардлагатай. Үүний зэрэгцээ өөрийнхөө, тээж буй хүүхдийнхээ, хөхүүлж буй хүүхдийнхээ гээд 3 хүний хэрэгцээг хангахуйц хэмжээний эрч хүч, хоол тэжээлтэй байх ёстой. Өдөр тутамд авах ёстой аминдэм, эрдэс бодисыг тогтмол хоол хүнсээрээ, шаардлагатай бол нэмэлтээр ууж, аль болох хэт таргалахгүй байхад анхаарах ёстой.

Жирэмсний 2 дахь 3 сар эхлэхэд хөхний сүүний хэмжээ эрс багасах нь хэвийн үзэгдэл юм. Энэ үед хөхүүлж буй хүүхэд тань нэмэлт хоол тэжээл идэж эхлээгүй бол хүүхдийн эмчид хандаж, аль болох боломжтой хувилбараар нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Учир нь эхийн сүү татарсантай холбоотойгоор тэжээллэг чанар нь буурч, мөн хөхөндөө цадахгүй болох учир хүүхдэд нэмэлт хоол тэжээл зайлшгүй хэрэг болно.

Өнөөдөр шинжлэх ухааны нотолж байгаагаар хэрвээ жирэмсэн эхэд ямар нэгэн зулбалт, дутуу төрөлт, эхэстэй холбоотой асуудал байхгүй бөгөөд эх хүн өөрөө хүүхдээ хөхүүлэх хүсэлтэй байгаа бол хоол хүнсэндээ маш сайн анхаарах болзолтойгоор хүсвэл төрөн төртлөө хүүхдээ хөхүүлж болно хэмээн үзэж байна. Тэр ч бүү хэл төрсний дараа эх хүн хоёр хүүхдээ хоёуланг нь зэрэг хөхүүлж ч болно. Насны бүлэг нь өөр хоёр хүүхдийг зэрэг хөхөөр хооллохыг “Tandem Nursing” хэмээн нэрлэдэг бөгөөд үүнд сүү оруулах гэж хоол сайн идэх хэрэгтэйгээс өөр эхэд ямар ч сөрөг нөлөөгүй болох нь тогтоогдсон байдаг.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл