Хүү минь чи хүн байхын утгыг хэлсэн бурхан минь
2016 оны 5 сарын 3
Аав нь хүүдээ хайртай. Хүү минь чамайг эхийнхээ гэдсэнд ирэхээс чинь өмнө аав нь зөгнөж хайрладаг байлаа. Эхийнхээ хэвлийд ирсэний чинь хойно төсөөлж хайрладаг байлаа. Хэвлийдээ хөдлөхийг чинь хараад өхөөрдөж баярладаг байлаа. Бас хажуугаар нь ухаан санаа нь эрүүл болов уу? Хөл гарын хуруу тоо ёсоороо бүрэн байгаа юу? энээ тэрээ гээд, уруул амны чинь талаар утга учиргүй санаа чилээдэг байлаа. Одоо бодоход инээдтэй ч, тэр үедээ бодит мэдрэмж маань тийм байжээ.

Анхлан чамайг энэ ертөнцөд ирэхэд аав нь оюутан, өнөө муу төлбөрөө олчих санаатай. Өрөө барагдуулчих гээд хотод мөнгө хийж байлаа. Мөнгө хийх ч юу байхав дээ. Мөнгөний ажил хийж байлаа. Ээж нь харин оюутны амралт болоод хөдөө эмээ, өвөө дээр чинь оччихсон байсан цаг. Гэтэл гэнэт өвдөөд эмнэлэг орлоо гэж хэл ирээд л эндээ би сэтгэл тогтож ядаад л. Ээжтэй чинь утсаар ярих гэж залгахаар ээж чинь олигтой ярьж өгөхгүй. Ямар сайндаа л аав нь ээжид чинь ямар гэм хийсэн юм болдоо гэж хүртэл бодох вэ... Эмэгтэй хүн тэгэж өвддөгийг аав нь яаж мэдхэв. Өвдсөндөө ярих тэнхэлгүй байдгийг мэддэггүй гэнэн нас байжээ.

Гэтэл утсанд зурвас ирэв. Авга эгчээс чинь аавд чинь зориулаад “ХҮҮТЭЙ БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ” гэж... Хүү минь чи тэр мэдрэмжийг, одоо намайг юу яриад байгааг өөрөө хүүтэй болохоороо л мэднэ, хожим хойно.
Би гэдэг хүн зүгээр л хөвөөд л байснаа одоо санадаг. Их л сайхан мэдрэмж. Бүх юм удаан болчихсон юм шиг. Бүх юм утгатай болчихсон юм шиг.


Эндээс би дэн дун. Өлгий, даавуу цуглуулаад, өнөө ээжид чинь жаахан бэлэг сэлт, цэцэг аваад, зах дээрээс оройны микронд суугаад шөнөжин явж хүрсэн. Миний амьдралын хамгийн урт зам тэр шөнийн зам байсан. Чамайг харах гэж яарсан сэтгэлдээн тэр.

Анх чамайг харахад чи улаан нялзрай амьтан. Аав нь чамайг арай ондоогоор төсөөлж байв. Нөгөө яагаав живхний рекламанд тоглодог цав цагаан царайтай хүү шиг, инээгээд л байх юм бодоод... харин чи ув улаан царайтай улаан цурав амьтан, нүүрээрээ дүүрэн шар үстэй, инээх нь бүү хэл нүдээ нээгээгүй. Чадахаас уйлдаг л байсан байх. Хэ хэ хэ. Гэхдээ аав нь хүүгээ голоогүй ээ. Минийх гэдэг аминч үзлийн хаялагаар харах тусам хайр хүрээд, уйлах чинь хүртэл энэ орчлонгийн хамгийн сайхан аялгуу мэт санагдаад л...



Хүү минь чи миний тохойноос уртгүй биетэй. Биеийг чинь бугуйн дээрээ, толгойг чинь алган дээрээ уртааш нь тавиад бүүвэйн дуу аялахдаа аав чинь аав болсон юм. Тоотой хэдхэн удаа даавууг чинь угаахдаа аав чинь аав болсон. Нэрийг чинь баруун чихэнд чинь гурвантай шивнэхдээ, үнэг хайчлахдаа, модон хутга сийлэхдээ, хүүдээ зориулж уурга урлаж домнохдоо би аав болсон. Тугалага хайлуулж ширгээхдээ аав болсон. Шинэ хүнтэй болсоноо сумынхаа захиргаа орж улсдаа бүртгүүлэхдээ, алгын дайны гэрчилгээн дээр чинь аав нь гэж нэрээ бичүүлэхдээ, дархлааны тариаг чинь хийлгэхдээ, чихийг чинь өвдөхөд хонины бөөр тавьж боохдоо аав чинь аав болсон юм.

Хаа байсан чиний ирээдүйн төлөө санаа чилээхдээ аав нь эцэг хүн болсоон. Хүү минь чи энэ орчлонд ирэхдээ, уйлахдаа, инээлгэхдээ, өлгийндөө биеэ засахдаа, өдөр шөнийг ялгахгүй босгохдоо, хамар дээрээ хөө түрхүүлэхдээ намайг аав болгосоон.

Хүү минь чи хүн байхын утгыг хэлсэн бурхан минь юм шүү дээ. Хүү минь чи хүн хайрлахын сайхныг аавдаа заасан багш минь юм шүү дээ. 
Сайхаан сайхан үр минь. /Батжаргалын Бундхорол постоос /
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл