
Царай зүс сайтай, эвлэгхэн хоолойтой бөгөөд уурласан үедээ ч дуугаа өндөрсгөх нь ховор. Тэр бүдүүлэг зан гаргадаггүй, ихэнхдээ сэтгэл сайхантай ч хүнд захирагдах дургүй. “Жинлүүрүүд” оюунлаг төрсөн хүмүүс. Тэд налгар биш боловч аливаад яарч ухаан жолоогүй довтолгох бас дургүй. Жинлүүрийн ордын нэр нь бүрэн тэнцвэрт байдлыг бэлгэдэх боловч тэдний хувьд тэнцвэрээ олох тийм ч амаргүй. Нэгэн агшинд тайван, тогтвортой, сайхан сэтгэлтэй, тэр ч байтугай сэтгэл булаам сайхан хүн санагдах боловч дараагийн агшинд яншаа, хэрүүлч, зөрүүд амьтан мэт байдаг.
Энэ ордыг бас “Залхуу жинлүүр” гэж нэрлэх нь бий бөгөөд энэ нь 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүмүүсийн зан төлөв тууштай биш байдагтай олон талаар холбоотой.
“Жинлүүртэн” олон хоног, тэр ч байтугай сараар амрах, сатаархыг умартан хоёр нарны хооронд зүтгэн ажиллаж байснаа гэнэт “чадал барагдлаа” гээд ойчоод өгвөл түүнийг босгох ямар ч арга байхгүй. Чадал тэнхээгээ бүрэн сэргэсний дараа бол дахиад л ажилдаа хоёр дахин “их эрчимтэй” орж явчихна. Нэг бодгалийн дотор хоёр өөр хүн байгаа лугаа адил. “Жинлүүртнийг” сэргэлэн байх үед нь харсан хүн залхуу гэж хэлэхийн аргагүй атал залхуу нь хүрсэн үед харсан хүн түүнийг ажилсаг гэж хэрхэвч санахгүй.
Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс биеийнхээ тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд идэвхтэй үйл ажиллагааг сайн амралттай хослуулахын чухлыг зөн билгээрээ мэдэрдэг, ингэж ч чаддаг хүмүүс. Харин сэтгэл санааны зохирлыг олох нь тэдэнд амаргүй. Нэгэн агшинд тэд уяран хайлж, уйлж орилж ч мэднэ, нөгөө агшинд нь хорлонтой үгээр егөөдөж ч мэднэ. Эсвэл хайлсан тугалга шиг байж ч мэднэ. Хэт их ядарчихгүй л бол өвчин тусах нь ховор. Хэрэв өвчин тусч гэмээнэ дээд зэргийн анхаарал халамж шаардана.
“Жинлүүртнүүд” маргахдаа дуртай, гэхдээ үнэн шударгыг эрхэмлэнэ. “Болох”, “болохгүй” хоёрыг жингийн тавган дээр тавьж хэмжсээр байгаад заримдаа өөрөө ч учраа олохоо болих нь бий. Олонх нь дуу хөгжим, өнгө, хэлбэрийн сайханд бахаддаг. Тэд бас гүн ухаан, хууль, анагаах ухаан, хэвлэл нийтлэлийн талын авьяастай.
“Жинлүүртнүүд” удирдах ажилтан бол өөрийнхөө үзэл бодлыг хамт олондоо итгүүлж чаддаг маргагч, уран илтгэгч байдаг. Харин шийдвэр гаргахаасаа өмнө дэндүү удаан боддог нь бүхний ундууцлыг хөдөлгөж мэднэ.