Бөөрний үрэвслийг хэрхэн эмчлэх вэ?
2015 оны 9 сарын 11

Бөөр ямар үүрэгтэй вэ?

 Бөөр нь  хүний хэвлийн хөндий буюу нурууны дотор талд наалдан байрласан том буурцган хэлбэртэй хос цуллаг эрхтнийг бөөр гэнэ. Бөөрний цусан судсаар тэжээгдэн шээс дамжуулах цоргоор давсагтай холбогдсон байдаг. Бөөр нь хүний усны үйл буюу шээс ялгах гол үүргийг гүйцэтгэн, мөн бөөрний дээд булчирхай, үрийн уут зэрэгтэй нягт холбоотой байдаг. Махбодын хувьд усан махбодтой хийний оронд байрлана. Иймээс бөөр давсагны өвчин нь махбод буюу орны харъяаллаас болж ихэнхдээ сэрүүн хүйтэн ужиг чанараа харуулж байдаг.

 Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.

 

БӨӨР ӨВЧЛӨХ ШАЛТГААН

 Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай:

 1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал

 2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил

 3. Хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна. Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай.

 Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна.

 

  БӨӨРНИЙ ӨВЧИН ЯАЖ ИЛЭРДЭГ ВЭ?

 - Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших

 - Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах

 - Шээсэнд өөрчлөлт орох. Үнэртэй болон бага гарах гэх мэт

 - Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг


 ХӨДӨЛГӨӨН ИХЭДСЭНИЙ УЛМААС БӨӨР ӨВДӨХ ҮҮ?

Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал, тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзэгдлүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасч, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр өөрөө хэвлийн гадна талын хананд байрладаг хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг, хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөө байдаг.

 БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ

Энэ бол бөөрний жижиг бөөмийн үрэвслийг хэлж байгаа юм. Тус өвчин дангаар үүсэх буюу бусад өвчинтэй хавсран үүсдэг. Өвчлөх явцыг үндэслэн түргэн чанартай буюу удаан чанартай гэж хувааж үзнэ.

 Түргэн чанартай нь голдуу бага насны хүүхдэд тохиолддог бол удаан чанартай нь насанд хүрэгсдэд тохиолдох нь бий.

 Бөөрний үрэвсэл нь

 - Даарч хөрөх, цаг уурын хүйтэн нөхцөлд ханиад дагшуур болон хоолой багалзуур өвдөх амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнөөр өвчилснөөс 7-14 хоногийн дараа үүснэ.

 - Зарим арьсны идээт үрэвслээс дамжин хөдлөх ч бий. Энэ өвчнийг үүсгэх нян вирус нь голцуу цус хайлуулах А хэлбэрийн гинжин бөөрөнхий бактер байдаг боловч бусад нянгаас ч үүснэ

   Ужиг хэлбэрийн бөөрний үрэвсэл нь эмнэл зүйн хувьд дээрхтэй үндсэндээ адил боловч бөөрний хурц үрэвслээс улиран ирэх нь гол шалтгаан болдог. Нян, вирус, эм, бодис, физик, химийн сэдэлт зэргээс болж бие махбодод цочрол өгөх харшимтгай байдал илрэх зэрэг нь өвчин үүсэхтэй нягт холбоотой байдаг

 

     Хоолой өвдөх нь бөөрөнд хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөтэй. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад, үрэвсэх шалтгаан болж өгдөг.

 

     Бөөр өвдөх нь бусад бүх эд эрхтэнд буюу тархинд, гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлж байдаг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүнд дайвар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний хувьд саванд нөлөөлдөг байна. Ялангуяа бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис нь тарах магадлалтай. Хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг юм.

 Өвчний шинж илрэл, оношилгоо эмчилгээний хувьд:

 Бөөрний өвчин үүсэхээс өмнө хоолой өвдөж халуурсан, гүйлсэн булчирхай үрэвссэн түүх, шээс, баасны өнгө нь гүн, булингар ихтэй, цустай шээдэг тул шээсний өнгө нь бараан цай адил болно.Өглөөгүүр нүд, зовхи сэлхэрэн, үдээс хойш хөл шилбэ хавагнан, хүндэрвэл бүх бие цэлхрэн хавдана. Хаван хэвлий цээжийг давж ирвэл гэдэс дүүрч амьсгаадна, бөөрний гаралтай цусны даралт ихсэх тул толгой эргэж өвдөнө. Хөнгөн буюу далд хэлбэрийн бөөрний үрэвсэл нь ямар нэгэн зовиур шаналгаагүй, хааяа бөөр өвдөж нүд сэлхэрнэ. Нүд сэлхрэх төдий шинж үзүүлж харин цус шээсний шинжилгээг үзэхэд цусны улаан цогц уураг илэрсэн байдаг. Цөөн тооны бөөрний үрэвсэл хурц буюу цочмог илэрч цусны даралт өндөржиж, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх ч бий. Хэрвээ тархинд нөлөөлвөл тархины усан хаван үүсэж толгой өвдөж бөөлжин, татах буюу манарах байдал гарч болно. Бөөрний өвчний үед шээс үргэлж багасаж, биеийн дотор хорт бодис хуримтлагдах тул аажмаар шээсний хордлого буюу хүчлийн хордлого давхцан үүсдэг. Үүнийг клиник дээр “Шээсний хордлого” өвчин гэж хэлдэг. Бөөрний өвчний хурц цочмог хэлбэр нь хүнд байвал мэргэжлийн эмчид хандан хэвтүүлэн эмчлэхийг чухалчилна.

  Цус, шээс, өвчний түүх, одоогийн өвчний шинж байдалд ажиглалт судалгаа хийж ЭХО болон бөөрний үйл ажиллагааны шинжилгээг хавсарган оношилно. Түргэн чанартай бөөрний үрэвслийн үед эмчилгээ оношлогоо тохирсноор хэдэн долоо хоноход эдгэрч үндсэндээ хэвийн байдалд орно. Харин цөөн тооны өвчтний шинж байдал арилахгүй ужиг буюу архаг хэлбэрт шилждэг. Тэднээс маш цөөн нь эмчилгээ авахгүй бөөрний дутагдал буюу шээсний хордлогын хам шинж болно. Ужиг хэлбэрийн бөөрний үрэвсэл янз бүрийн шинж илрэлтэй байж нуруу, бөөр өвдөх шээсний шинжилгээнээс улаан эс, гуурс, уураг илэрнэ. Нүд, зовхи, нүүр хавагнан цэлхрэх, цус дутах, цусны даралт ихсэх, амнаас нь эвгүй үнэр үнэртэх зэрэг байж болно. Монгол, Төвдийн анагаах ухаанд энэ өвчнийг бөөрний шинэ, хуучин, халуун өвчин гэж нэрлэнэ. Цус шарын шалтгаан бөөрөнд бууж өвчин үүснэ. Хижиг, дагшуур, хоолой өвдөх, нуруу бөөрөөр унаж доргих, хүйтэн чийглэг орчны нөлөө, хэт ядаргаа зэргээс улбаалан өвчин үүснэ. Бөөрний шинэвтэр халуун өвчин нь хүүхэд багачуудад тохиолдвол шээх нь хомсдож сэлхрэн хавдаж, халуурах, толгой өвдөх, судас шээсэнд нь халуун өвчний шинж илэрнэ. Бөөрний шинэ халуун өвчин ужигшран удах буюу бусад шалтгаан хавсарч бөөрний архаг өвчин болж хувирна. Үүнийг бөөрний хуучирсан халуун гэнэ. Нүд зовхи нь хавдаж сэлхрэн шээс нь улайж хүрэнтэн, амнаас эвгүй үнэр гарч бөөр нь унжиж өвдөх, толгой эргэн, хүзүү, шил хөшиж, нуруу өвдөнө. Тус өвчин нь хэрх өвчинтэй холбоотой тул хэрхийн шинж дагалдана. Аль ч бөөрний өвчинд бөөрөнд халуун нуугдан хоцрохоос сэргийлэн шээлгэх бөөрний үйл ажиллагааг хамгаалахыг гол зарчим болгоно.

 Сонгон хэрэглэх эм тан:

 Халмадүнтан, юна шитан марвусүмтанг буцалган өгөхийн хамт бөөрний халма-10-ыг хэрэглэнэ. Хаван хөөх шаардлагатай бол сэржи-8 өгнө. Шаардлагатай үед “Монгол эмнэлгийн дотор өвчин судлал”д заасны дагуу зохих танг өгч шилбийн булчингийн үзүүрийн судас “Жин шун”, шагайны судал “лунца” зэргийг ханаж болно. Бөөр бэлхүүсний өвчний алинд ч халма дүнтан буюу туйплан танг хавсарган өгч өвчний байдлыг сайжиртал уулгаваас магад эдгэрнэ гэж 19-р зуунд амьдарч байсан Сөнөд нутгийн алдарт оточ Жигмэдданзанжамцын “Дунгаажид”-д номолсон байдаг. Дашрамд дурдахад туйплан хэрэглэж чадваас засал мухардсан өвчинд туслах уламжлалт анагаах ухааны шилдэг сайн нэгэн арга юм. Гэвч чанар сайн туйпланг олохуйяа бэрх болсон эсвэл хуурмаг буюу чанаж шүүсийг нь авсан туйплан элбэг болсон мөн туйплан гэх ургамлыг авах ёсыг нь үл ойшоон, төмөр хүргэсэн, ёсчлон хийж уулгадаг туршлагатай эмч ховордсон зэргээс шалтгаалан энэхүү шилдэг эмчилгээний арга улам бүр бүдгэрсээр байна. Туйплангийн талаар өгүүлсэн ном зохиол харьцангуй ховор байдаг тул тэр чиглэлээр сонирхогчдыг Ишданзанваанжилын “Жүрүтүшил”, Цэдэн ”Эмчилгээний туршлага”, “Дунгаажид”, Лувсанчоймболын “Зэдвий ниннор” зэрэг зохиол бүтээлээс үзэж болно. Мөн Хятад анагаах ухааны эмийн сударт туйпланы талаар маш олон өгүүлсэн байдаг.

      Zhi shen tan жор: Энэ жороор 102 нэр бөөрний хурц буюу архаг үрэвслийг хүлээн эмчилсэн судалгааны материалаас харахад ерөнхий тус болсон нь 93% хүрч, бүрэн эдгэрсэн нь 54,9% хувьтай байжээ. Жорыг өдөрт хоёроос гурван удаа буцалган цайны оронд уулгавал хоёроос гурван өдрийн дараа шээсний гарц нэмэгдэж хаван аажмаар хөөгдөнө. 10-20 өдөр болоход цусны даралт буурах, шээсэн дэх уураг, улаан эс катон үндсэндээ арилж хэвийн байдалд орно. Хамгийн удаан хэрэглэсэн хүмүүс гурван сар тан уусан. Энэ жор Шандун мужийн Чин-до эмийн үйлдвэрээс судлан дэвшүүлж байгаа шинэ жор болно. Жорын тухай дэлгэрэнгүйг “Бүх хятадын шинэ эм, шилдэг туршлагат жор”-ын эмхтгэл номоос харж болно.


Эх сурвалж: LuckySainaa блог
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл