“Халтар царайт” киноны гол дүр Стрелита ба түүний хувийн амьдрал
2014 оны 4 сарын 17



“Халтар царайт”-ын Стрелитад тоглосон Венесуэл, АНУ-ын жүжигчин Соня Элеонора Смит удам дагасан жүжигчин. Ээж Илеана Жаке нь 1947 онд Германд төрсөн бөгөөд Венесуэлийн алдартай кино жүжигчдийн нэг юм. Тэрбээр ганц хүүхэдтэй, тэр нь Соня Смит.

Соня драмын театр, кино зураг авалт руу ээжийгээ дагаж очдог байсан нь жүжигчний мэргэжил, амьдралыг сонгоход нөлөөлжээ.

Соня Смит 1972 онд Пеньселвани мужийн Филадельфи хотод төржээ. Эцэг эх нь түүнийг багад нь хоёр тийш болсон бөгөөд Илеана Жаке охиноо дагуулаад Венесуэлд буцан иржээ. Соня испани орчинд өссөн учир испаниар чөлөөтэй ярьж, бас герман, англиар ярьж, бичдэг юм байна.



Коллежид сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг байхдаа “Халтар царайт” кинонд тоглосон нь түүнд маш их нэр алдрыг хайрлаж, жүжигчний амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгоход “ташуур” болжээ. 12 настайгаасаа кинонд тоглож жүжигчний замналаа эхлүүлсэн ч түүнд жинхэнэ амжилт, олонд танигдсан алдар хүндтэй болоход “Халтар царайт” кино нөлөөлснийг Венесуэлийн урлаг судлаачид нэгэн дуугаар хэлдэг байна.

“Халтар царайт”-ын Стрелитагийн дүрийг амьдруулснаар Соня зөвхөн Венесуэлийн жүжигчин гэгдэхээ больж олон улсад алдартай болсон юм. Холливудад данстай жүжигчин бүсгүй маань гуч гаруй уран сайхны кино, арваад жүжиг, телевизийн олон ангит гучаад кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

Тэрбээр одоо энэ оны сүүлээр дэлгэцэнд гарах “Маридо Эн Алгүлэр” гэх цувралд тоглож байгаа аж.

Айлын ганц охин, ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан нь эрх дураараа гэхээсээ илүүтэй аливаад хэрсүү хандаж, зорьсондоо хүрэхийн тулд юуг ч даван туулдаг, зоримог зантай болгосныг ээж нь нэгэн ярилцлагадаа дурьджээ.




Соня бүрэг ичимхий, танихгүй хүнээс бишүүрхдэг, ганцаардмал зантай охин байж. Харин ээж нь урлаг, тайз руу хөтөлсөн нь ганцаардмал араншингаа гээхэд нь тусалжээ.

Соня Смит олны танил, Холливудын алдартай жүжигчин боловч хувийн амьдрал, өөрийнхөө талаархи мэдээллийг хав дардаг. Үүнийгээ “Миний амьдрал бол миний л амьдрал” гэж тайл¬бар¬ладаг аж. Түүнтэй холбоотой ямар нэгэн сенсааци, паппараци гарч байсан удаагүй.

Тэрбээр “Би АНУ-д төрж, Испанид өссөн ч ээж минь намайг герман хүүхэд шиг хүмүүжүүлсэн. Тоглох, хичээлээ давтах, зурагт үзэх бүхий л зүйл минь нарийн хуваарийн дагуу явдаг байлаа” гэж ярьжээ.

Соня “Олвидартэ Жамас” кинонд хамтран тоглосон Мексикийн жүжигчин, сайхан залуу Габриел Поррастай гэрлэжээ. Тэд 2008 оны хоёрдугаар сард хуримаа нууцаар хийсэн байна. Соня одоо Миамид нөхөр, ээжийнхээ хамт амьдарч байна.



Соня Смитийг алдартай продюссер, нэр хүндтэй эрхмүүд “Цайвар үстэй, цэнхэр нүдэт бүсгүй” хэмээн тодотгодог. Түүний бүтээсэн дүрийг алдартай болгоход цайвар урт үс, гал цогтой цэнхэр нүд нь нөлөөлсөн гэхэд эргэлзэх аргагүй.

Энэ сард 41 насны төрсөн өдрөө тэмдэглэх Соня Смит “Жүжигчний амьдрал нүргээнтэй ч би тайван амгалан байж, өглөөний кофегоо тухтай ууж, орой нар жаргахыг ширтэн харах дуртай” гэжээ.

Харин “Халтар царайт” кинонд хамтран тоглож Мигель Ангелын дүрийг бүтээсэн жүжигчин Гуиллермо Давила 57 насны босгыг алхаад байна. Тэрбээр гурван удаа гэрлэсэн боловч аль нь ч бүтээгүй. Даниела, Элена гэх хоёр охин, Гуиллермо гэх нэг хүүтэй аж.



Тэрбээр хүүхдүүдтэйгээ уулзахын тулд Каракас, Миамигийн хооронд ирэн очин явдаг, амьдралтай аж. Сүүлийн үед дорвитой бүтээл хийгээгүй, дууны урлагаа орхичихоод байгаа аж.

1990-ээд оны эхээр монголчуудыг байлдан дагуулсан “Халтар царайт” киноны гол дүр Стрелита ийн даруухан, нууцлагдмал амьдарч уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа бол Мигель Ангел урлагаас жаахан хөндийрчихсөн аж төрж байгаа аж.




Ж. Марал
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл