Аз жаргалын аялал (Тэмдэглэл)
2014 оны 3 сарын 4


2014 оны 03 сарын 01. Билгийн тооллоор хаврын сарын шинийн Балжиннямтай өдөр

Өглөөний 05 цаг 30 минутанд гэрээсээ гарахад тэнгэрийн түмэн одод тэр дундаас 7 бурхан од улам тод гялалзан харагдсан цэв цэлмэг, тэнгэрт нэг ч үүлгүй сайхан байлаа. Аялалын өмнөх үдэш бэлтгэл ажил ихтэй, сэтгэл догдлом түгшсэн тайван бус өнгөрдөг. Хамгийн ихээр сэтгэл зовоодог зүйл бол агаар сайхан, салхигүй дулаахан  байгаасай л гэж хүсдэг.  Бидний хүсэн хүлээсэн өглөө маш сайхан эхэллээ.

Өмнөх "Аз жаргалын аялалд" оролцож байсан хүмүүс манай аялалын нэрний учрыг мэддэг болсон. Эмэгтэйчүүд.мн сайт байгуулагдаад санаачилан зохион байгуулсан, нийгэм эмэгтэйчүүд рүүгээ хандсан анхны томоохон ажил бол “Аз жаргалын аялал” юм.

03 сарын 08 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар мартын 8... Энэ өдөр эрчүүд бүсгүйгээ баярлуулдаг,  хүмүүс ээж, эмээ нараа баярлуулдаг. Бидний дунд нэг ийм л уламжлал тогтсон байдаг. Харин Emegteichuud.mn -ийн хамт олон бид  энэ өдрийг арай өөрөөр тэмдэглэн өнгөрүүлье хэмээн энэхүү аялалыг  жил бүр уламжлал болгон 03 сарын эхний долоо хоногийн бямба гаригт зохион байгуулахыг зорьсон юм. Бидний зорьсон хамгийн том зорилго бол энэ өдөр охид бүсгүйчүүд маань найз залуу, эр нөхрөөсөө бэлэг  хүлээн, намайг яаж баярлуулах бол гээд хүлээн суух биш, бидэнд өөрөө өөрсдийгөө ялан дийлэх мөн хүсэл зорилго тэвчээр бий гэдгийг  харуулах юм.  Бид “Цэцээ гүн”-ий оргилд гарч чадсанаар гэж тэдэнд өөрсдийгөө харуулах явдал байсан. Яагаад “Цэцээ гүн”-ийг сонгосон бэ? гэж асуух хүн цөөнгүй байгаа байдаг юм. Энэ бол УБ хотод хамгийн ойр орших Богд-Хан уулын ноён оргил Цэцээ гүний оргил билээ. Далайн түвшнээс дээш 2248 метр өндөрт өргөгдөн оршдог, үзэсгэлэнт дархан цаазат уул.

Улаанбаатар хотын маань хамгийн өндөрлөг газар Бидний оргил өөд алхдаг зам бол Төв аймгийн Манзушир хийдээс эхэлдэг. Ингээд энэхүү замыг Богд гэгээний мөргөлийн жим гэж нэрлэдэг бөгөөд 7,5 км үргэлжилсээр “Цэцээ гүн”-ий оргилд хүрдэг. Анхны аялалаа хийхээр зэхэж байх үед /2012 онд / эмэгтэйчүүд  “Цэцээ гүн”-ий оргилд гарч болдоггүй гэх сүсэг байсан ба бид учир мэддэг хүмүүстэй уулзаж үнэхээр гарч болдог болдоггүй эсэхийг лавлан асууж байсан.  Ингэхэд тэд уул усаа аргадаад, сүү цагаагаа өргөөд, арц хүжээ уйгуулаад, хог тарихгүй яваад ирэхэд гэмгүй гэж хэлж байв. Ийнхүү бид “Цэцээ гүн”-ий оргилыг сонгосон билээ. Монголчууд бид маш их билэгдэлтэй ард түмэн. Ингээд аялалдаа нэг хүсэл нэг зорилготой 108 эмэгтэйг хамруулахаар шийдэж, анхны аялалаа салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдээр багаа бүрдүүлэн “Цэцээ гүн”-ий оргилыг эзэмдэхийг хүсч, өөрсдийгөө ялан дийлж чадна гэсэн хүсэл тэмүүлэлтэй 108 эмэгтэй Аз жаргалын аялалд нэгдлээ.

Аялалын маань нэр “Аз жаргалын аялал”, Уриа нь Эрүүл мэнд, Эрч хүч, Аз жаргал... Эрүүл хүн эрч хүчтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлтэй, бүтээлч оюунлаг байдаг. Ажилтай хөдөлмөрч , завгүй ийм л хүмүүс аз жаргалтай байдаг шүү дээ.  “Аз жаргал”-ын аялалд яг л ийм эмэгтэйчүүд нэгддэг. Эрч хүчтэй, цоглог бүсгүйчүүдийгээ ая тухтай сайхан аялуулахын тулд бидний зүгээс олон шинэ зүйлийг санаачлан хэрэгжүүлэх хэрэгтэй байлаа. Emegteichuud.mn сайтад зөвхөн бүсгүйчүүд ажилладагаараа онцлог. Бид аялалаа сонирхолтой, хөгжилтэй, дурсамжтай болгохын тулд эмэгтэй хүний торгон мэдрэмж, уран ухаан уралдууллаа. Хожим бидний бэлдсэн зүйлүүдийг аялагч бүсгүйчүүд маань баяртайгаар хүлээн авч, урмын үгээ харамгүй хайрлаж  “ Ёстой л нэг бүсгүй хүний уран ухаан байна даа” гэж магтацгааж байсан. Эхний гэнэтийн бэлэг бол 108 хүслийн бөмбөлөг хөөргөх. Аялал эхлэхийн өмнө бид тойргоо хийж, хүмүүсийнхээ тоог аваад 108 бөмбөлөгөө барин хүслээ шивнэн Эрүүл мэнд, эрч хүч, Аз жаргал гэсэн уриагаа гурвантаа хэлэн бөмбөлөгөө хөөргөнө. Хүслийн бөмбөлөг хөөргөх энэ агшинд үнэхээрийн их сэтгэл догдолж, эерэг энерги аваад оргил өөд алхах эрч хүчтэй болдог. Ингээд нэгэн цуваанд орж аялал маань эхэлнэ. Аялалыг удирдан чиглүүлэх мэргэжлийн хүн мэдээж хэрэгтэй. Анхны ба гуравдахь удаагийн Аз жаргалын аялалын ахлагч хөтчөөр МУГТ, Уулын спортын ОУ-ын хэмжээний мастер, дэлхийн дээвэр Эверестэд Монгол улсын төрийн далбааг мандуулсан гайхалтай эмэгтэй Б. Гангаамаа, Хоёр дахь удаагийн аялалын хөтчөөр мөн Уулын спортын ОУ-ын хэмжээний мастер О. Цогзолмаа эгч маань ажиллалаа. Эдгээр гайхалтай мундаг эмэгтэйчүүдээр багаа удирдуулан алхана гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Өөрийгөө ялан оргилд гарч ирсэн эмэгтэйчүүдийг “Цэцээ гүн”-ий оройд Халуун дарс гэсэн цэгт урьж, халуун дарсаар дайлж угтлаа. Б. Гангаамаа эгч, Цогзолмаа эгч нар “ Олон оргилд гарч байлаа, халуун дарсаар угтаж байсан удаа ганц ч байгаагүй гэж ярьж байсан. Дараа нь МУСТА уртын дуучин Оюун-Эрдэнэ бүсгүй /манай аялалд гурван жил дараалан оролцож байгаа/ уул усаа аргадаж “Уяхан замба тивийн наран” дуугаа дуулдаг. Уртын дуу тэнгэрт хүрдэг гэж юутай үнэн, юутай гайхалтай. Уртын дуу эгшиглэх тэр мөчид, салхи намдаж, наран ээгээд тогтуун тайван нэг л сайхан амар амгалан... Өөрийн эрхгүй нурууны үс босч, нүдний нулимс бөмбөрөөд ирнэ.

Уртын сайхан дуугаа сонсоод  бүсгүйчүүд маань улам их эрч хүчийг аваад уулын оргил дахь бусад хүмүүсийн тарьсан хогийг цэвэрлээд, уут уут хогоо барин цуваандаа нэгдээд буцаад алхана даа. Байгаль ээж, охидууд биднийгээ ивээдэг. Оргилд гарсны дараа бүхий л ажил бүтэмжтэй сайхан болж, эрч хүчтэй ажиллах урам зоригтой болдог.

... Уулнаас уруудаад жаахан алжааж ядраад ирсэн бүсгүйчүүдээ халуун цай, халуун хорхогоор дайлна. Өвөл хараахан дуусаагүй, хаврын хүйтэн өдөр халуун чулуу барин дулаацаж, халуун хорхог иднэ гэдэг үнэхээрийн алжаал ядаргааг тайлсан үдшийн зоог болж чаддаг шүү.

 Эцэст нь бид аялалдаа амжилттай оролцсон хийгээд идэвхитэй байсан бүсгүйчүүддээ ивээн тэтгэгч байгууллагуудынхаа шагнал урамшууллыг гардуулан өгдөг юм. Амьдралынхаа нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрүүлсэн, оргил өөд тэмүүлсэн нэгэн хүсэл зоригоор нэгдсэн 108 эмэгтэйн аялал ийнхүү өндөрлөж, ирэх жилийн 3-р сарыг хүлээх л үлдлээ. Аз жаргалын аялал үргэлжилсээр...













У. Чулуунчимэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл