Миний хүүгийн эмээ
2013 оны 6 сарын 11
  Найз залуу маань анх үерхдэг байхдаа ээж аавтайгаа танилцуулах гэхэд нь би үргэлж дургүйцдэг байлаа. Яагаад ч юм хадам ээжүүд адсага шиг ааштай гэж хүмүүсийн ярихыг  нэлээдгүй сонссон болоод ч тэр үү. Тэд ихэнхдээ тааруухан нэртэй байдаг даа. Гэтэл нэг өдөр найз залуу маань хоёулаа найзуудтайгаа салхинд гаръя гэж хэлэхэд нь дуртайяа зөвшөөрөв. Гол руу явсан тэр өдөр  биднийг эрхлүүлэх мэт салхи зөөлөн сэвсэж, ногоон дэвсгэр дээр ургасан өнгө өнгийн цэцэгс сэтгэл хөдөлгөн, голын зүлгэн дээр хүлээж суугаа найзууд руугаа яарч байлаа.  Алсаас хартал модны сүүдэр доорх зүлгэн дээр тухлан суунгаа урдаа жаал жуулхан идэх юм тавьсан хоёр хүн харагдана. Гэтэл өнөөх хоёр хижээл насны хүний хажууд машин зогслоо. Тэгэхэд л найзуудтайгаа биш хадмуудтайгаа уулзахаар ирснээ ойлгосон юм.
Нөхөр минь намайг "хуурсан" гэх үү дээ. Ингэж анх удаа хадмуудтайгаа халуухан нүүр тулсан юм даа. Тэр үеэс хойш хэдийнээ зургаан  жил өнгөрчээ. Одоо бид нэг хүүтэй. Тэр минь хадмуудын анхны ач хүү нь юм.
      Нөхөр бид хоёрт ёотон цагаан байшингаас өөр зүйл байгаагүй оюутан байсан цаг. Тэр үед аав ээжүүд их тусалдаг байлаа. Нөхрийн минь эгч Солонгост ажилладаг учраас надад хувцас явуулна. Эгчийнх нь явуулсан хувцсыг хүссэн ч хүсээгүй ч өмсдөг байлаа. Нэг өдөр хадмындаа очихдоо өнөөх хувцаснаасаа өмссөн юм. Хадам ээж дээрээс доошоо дагуулан хараад "Туяагийн явуулсан хувцаснууд уу..." гээд л их жоготой хараад өгсөн зүйлдээ харамсаж байгаа мэт нүдээ алгуур зөөсөн нь санаа дагаад тэр үү хялам хийх шиг санагдаж билээ.
    Манай гэрт ирэхээрээ дээгүүр доогуур хараад л энийгээ янзлаач, тэрийгээ цэвэрлээч гээд л гаран гартлаа тойруулан шинжих нь миний эгдүүг тун хүргэдэг сэн. Уг нь гэрт ирэх сургийг нь сонсонгуутаа хамгийн сайхан харагдахаар гэрээ цэвэрлэж, өөлчихмөөр зүйлийг нь нууж байхад л ингэж хэлээд гардаг хүн. Цагаан сар болохоор гэрээ цэвэрлүүлэх гэж зөвхөн намайг дуудна. Өөрөө олон сайхан охидтой байж намайг онцлон дууддагт нь дургүй хүрч нөхөртэйгээ муудалцах нэг шалтгаан болдог байлаа. Ирэхдээ ач хүүг минь авчраарай, энд сэрүүн байна дулаан хувцасла гээд л очоогүй байхад үглэж эхэлнэ. Хүүдээ авч өгсөн амттанг хужаагийн юм битгий хэрэглэж бай хэмээн хогийн саванд шидчихэнэ. Хамгийн үнэтэй, чанартай хүнс ногоог тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө  ач хүүдээ авч өгнө. Ай даа арга эвийг нь олох тун хэцүү, хаврын тэнгэр шиг хүн байдаг сан.
    Яагаад ч юм би хадмын гэрт очих дургүй байлаа. Намайг харвал өөнтөглөж, зэвүүн үгээр дотор зурна. Нэг өдөр нөхөр минь утасдахдаа "ээж осолд орсон гэнэ" гэхэд зүрх хүчтэй цохилж хэний ээж? гэж асууж билээ. Би ямар нүгэлтэй хүн байсан юм бэ. Хэрвээ миний өөрийн ээж байсан бол яаж сандарч, гүйн харайж байх болоо. Хадам ээжийгээ би ийм л муугаар бодож, үзэн яддаг байж. Аз болоход тэр осол хөнгөн байсан учраас удалгүй эдгэрсэн.  
    Гэтэл хүү минь гэнэт хүндээр өвдөж сэхээнд орлоо. Хамаг амьдрал минь хөмрөх шиг болоод сандарч салганасан би суусан газраа тогтож ядан эмнэлэгийн коридоороор холхино. Хэнийг ч юуг ч анзаарахгүй шал ширтэн алхахдаа эмнэлэгийн сандал дээр сууж байгаа хадам ээжийгээ сая нэг анзаарч харлаа. Алгаа хавсрахдаа эрхээ барин залбирч, нүдээ анин чин сэтгэлээсээ мөргөн гуйж, суларч үрчийсэн хацрыг нь даган урсах нулимсны дусал нь өөрийн эрхгүй миний сэтгэлийг уярааж билээ.

    Хажууд нь очиж суувал харц нь тунгалагшсан хадам ээж минь судас нь товойж мойнысон гараараа нурууг минь илэн, энэ нялх амьтны оронд хөгшин би байсан нь дээр байсан юм гэж эрүү нь дагжин хэлээд эрхээ эргүүлэн суулаа. Тэр л үед байн байн дуудаж, цагаан сараар хүртэл гэрээ надаар цэвэрлүүлдэг байсан учрыг ойлгох шиг боллоо. Ач хүүгээ л харах гэсэндээ тэр байж. Хагалгааны өрөөнөөс эмч гарч ирэхдээ хүүд минь нүүрлэсэн аюул байхгүй болсныг хэлэхэд хадам ээж минь тэвчин байж унагасан ганц дусал нулимсаа арчиж амжилгүй асгартал уйлаад намайг тэврэн авлаа. Хүүгийн минь төлөө амиа өгөхөөс буцахгүй өөр бас нэгэн гайхамшигт эмэгтэй энэ дэлхий дээр байдаг гэдгийг чухам тэгэхэд л ухаарсан  юм. Тэр хүн бол миний хадам ээж- миний хүүгийн эмээ билээ.
Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийд алдартай олон брэндийн бүх төрлийн гэр ахуйн ахуйн цахилгаан бараа, гар утас, каме  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл