Хадам ээж, бэр 2-ын аль дарангуйлагч вэ?
2013 оны 3 сарын 20
Залуу гэр бүл салахад хамгийн нэн түрүүнд өнөөх ааштайгаараа дуудагддаг хадам ээж гол үүрэг гүйцэтгэдэг гэж ихэнх гэр бүлүүд санаа нэгддэг шүү дээ. Ялангуяа айлд бэр болон очиж байгаа бүсгүйчүүдэд энэ ойлголт яс маханд нь шингэсэн байдаг. Тиймээс ч эмэгтэйчүүд найз залуутайгаа гэрлэж, амьдралаа холбох болсон үеэс л эх нь ямар хүн байгаа бол гэж толгойгоо гашилтал гэнэт бодож эхэлдэг байна. Сэтгэл байхад бүх юм аяндаа бүтнэ гэсэн тэдний сайхан бодол гэнэт  нэг өдөр хадам эхийн ааш аягаас болж хөндийрч эхэлнэ.

Салалтад үнэхээр хадам эхийн ааш авир нөлөөлдөг үү гэсэн асуултад эрчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 60 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ. Тэгвэл хадам эх болон бэрүүдэд энэ байдлаас гарах сэтгэл зүйн хамгийн энгийн аргууд байдаг. Хадам бэр хоёр өстөн болж хувирахыг тэд өөрсдөө л бий болгодог байна. Өөрт нь хайр халамж тавьж мөнгө өгдөг ганц халамжлагч хайртай хүү нь нэг л өдөр гэртээ хөөрхөн охин дагуулж орж ирэхэд нь “Миний хүү ингээд намайг тоохоо больж эхлэх байх даа. Энэ охин тэгээд хүүд минь хань болж чадах уу” гэсэн бодол эхийн толгойд өөрийн эрхгүй эргэлдэнэ. Бэр болж хаалгыг нь татсан бүсгүй ч мөн адил “ хадам эх минь ямархуу ааштай хүн бол? Эхэндээ ингэж сүүд болдог л юм гэсэн.Хүү нь миний талд байгаа цагт” гэж хүүгээр нь барьцаа хийж суудаг.

Зарим эхчүүдийн санаанд бэр нь тэр болгон нийцээд байдаггүй болохоор өөрийн мэдэлгүй ааштай дарангуйлагч хадам эх болон хувирдаг байна. Ийм нөхцөл байдалд орсон бэр хадам болон нөхөртөө яаж ч аашлаад нэмэргүй. Учир нь ийм ээжтэй хүү өөрийн гэсэн санаа бодолгүй, бүх асуудлыг түүний өмнөөс шийдэж өгдөг болсон тул ээж нь түүнд хамгийн эрхэм зүйл болсон байдаг аж. Харин түүнгүйгээр хүү нь яаж ч чадахгүй гэдгийг ч тэрээр сайн мэддэг. Энэ үл ойлголцол даамжирч эцэстээ хүү нь салахад тулсан үед хадам эх ухаарч алдаагаа засахыг оролддог ч ихэнх тохиолдолд “өнгөрсөн борооны дараа цув нөмрөв” гэгч болдог.

Иймд хадам ээж хүүгийнхээ гэр бүлийг аврахын тулд доорх зөвөлгөөг дагаад үзээрэй.
1. Хүү чинь эхнэрээ хайрлах тусам та хоёрын харьцаа хавьгүй сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүү чинь эхнэртэйгээ сайхан харьцаж байвал танд ч мөн адил халамж дүүрэн тавина гэдгийг санаарай.
2. Хүүгээ эхнэртэйгээ ярилцаж аливаа шийдвэр гаргаж бай гэдгээ ойлгуул. Тэднийг ярих боломж олго. Гэр бүлийн амьдрал, харьцаагаа юу ч нуулгүй ярь гэж бүү шаард. Мөн хүүдээ эхнэрийг нь муулж, шүүмжлэхгүй байхыг хичээгээрэй.
3 .Өөрөө залуудаа айлд бэр болж орж байсан үеэ эргэн нэг санагалзан бэрийнхээ байр сууринд өөрийгөө тавьж үзэн, гэрийн ажилд муу гэж өөнтөглөж, бэрдээ бүү уурлаарай. Та түүнийг өрсөлдөгч бус харин охиноо гэж бодож сураарай.
4.Бэрийнхээ алдааг өөрт нь хэзээ ч бүү хэл. Харин зааж, сургахыг чухалчлаарай.

Харин дарангуйлагч хадам эхтэй бэрд хандаж өгүүлэхэд хадам чинь та хоёрын сайхан харьцааг хөндийрүүлж, та хоёрын амьдрал салалтын эрмэг дээр ирэхэд ойрхон болсон бол нөхрөө алдахгүй, өөрөө ч зовохгүйн тулд үүнийг үзээд алдаарай. Үүнд:
1.Нөхрөө аль болох өөртэйгээ яриулж, эсвэл өөрийг нь бие даалгаж шийдвэр гаргуулж сурга. Гэр бүлийн маргаанд нөхрөө оролцуулахыг хичээ. Түүний өөрийн гэсэн шийдвэрийг хөхүүлэн дэмжиж өөртөө итгэхэд нь түүнд туслаарай.
2.Хадам эх чинь өөрөө хүүгээ халамжлах гэвэл бүү уралд, энэ эрхийг түүнд өгчих.
3.Нөхрийнхөө дэргэд хадмаа бүү муул, их тэвчээртэй байж, хадмынхаа тэвчишгүй ааш авирыг нь сайн бодож зөвхөн өөрт нь ухаалгаар илэрхийлж сураарай.хамгийн гол нь уурлаж, үглэлгүй нөхөртөө ээжийнх нь занг зөвөөр тайлбарлаарай.

Үүнээс гадна зарим гэр бүлд дээрх байдал эсрэгээр оршиж байдаг. Өөрөөр хэлбэл харгис дарангуйлагч, ааштай хадам биш бэр болж хувирч, хөөрхий өрөвдөлтэй хадам ээж байдаг. Иймэрхүү гэр бүл хамгийн түгээмэл байдаг байна. Эхнэр нөхөр хоёр эвтэй сайхан амьдардаг бол хадам эх хүүдээ гомдон, өөрийг нь хэн ч тоохгүй өрөвдөлтэй , азгүй хүн гэж бодон, хүүдээ гоморхохдоо гэнэт худлаа өвдөж хэвтдэг.  Эх нь нэг ёсондоо өвчнөөр айлган сүрдүүж буй нь энэ. Түүний энэ ааш аяг нь хамгийн хортой үр дагавар авчирдаг. Хадмынхаа энэ өчүүхэн аргыг нь ажиглаж мэдэрсэн бэр зэвүүцэн, сүүлдээ энэ арганд нь хууртахаа больж, нөхөртөө үглэж эхлэх бөгөөд аажимдаа хэрүүл болж, “ нэг бол би эсвэл эх чинь” гэж нөхөртөө тулган шаардаж аажимдаа салахад ч нөлөөлдөг байна.

Иймд хайр халамж нэхэж байгаа аргаа буруу илэрхийлсэний улмаас хүүгийнхээ амьдралыг бусниулахыг хүсэхгүй харин аз жаргалтай болгохын тулд хадам ээж болсон хүнд зөвлөхөд
1. Бэр чинь танай хүүг хайрлаж үүнд нь ч хүү чинь сэтгэл хангалуун өөрөө ч хайрлаж чадаж байгаа бол та бүү санаа зовоож, гутар. Учир нь та хүүгээ маш сайн хүмүүжүүлжээ. Иймд түүний хайр халамж танд ч хангалттай хүрнэ гэдгийг санаарай.
2.Та худлаа өвдөж хүүгээ айлгаж байгаагаа сайн арга гэж бодож байгаа бол энэ чинь томоохон эндүүрэл. Үүгээрээ та бэр болон хүүгийнхээ ч дургүйцэл, уцаарыг хүргэнэ. Нэг л өдөр таны энэ болчимгүй арга баригдахад та өөрийгөө болон хүүгээ бэрийнхээ өмнө ямар байдалд орох вэ гэдгийг сайн бод.
3. Хүүгээсээ та анхаарал халамж шаардахын оронд гэр бүлд нь тусалж, анхаарал тавин, ачыгаа өсгөж, сайн хүн болоход нь анхаарлаа хандуулаарай. Үүний хариуд та бүү юм нэхэж, асуудал үүсгээрэй. Хүү бэр хоёр чинь аяндаа танд баярласанаа илэрхийлэх болно. Тэдний аз жаргалд үнэн сэтгэлээсээ баярлаж, дэмжиж өгөөрэй .

Харин хадмынхаа өрөвдөлтэй энэ аргыг мэдэрсэн бэр улам дургүйлхэн, нөхөртөө хий дэмий аашилж, улмаар ааштай хэрүүлч бэр болон хувирч нэр хүнд чинь буурах тул энэ байдалд хүрэхгүйг хичээн хадам ээжийгээ ойлгон, тэвчиж, асуудлаас хамтдаа гарахын тулд
1. Хадам ээжийнхээ гаргаж буй ааш авирыг тоохгүй дүр үзүүлэн, хааяа үеийг нь олон хошин маягаар хандаж, найз нөхөд шиг харьцаж, түүнтэй харьцах нь зөвхөн нөхрийнх гэж бүү бод. Түүнийг сонсож ойлгохыг хичээж, найзтайгаа уулзаж байгаа юм шиг ярилц. Энэ үед худлаа өвдөж хэвтдэг ч уян сэтгэлтэй хадмын чинь дотор нь онгойн, гомдол нь тайлагдан баярын инээмсэглэл тодрох нь мэдээж.
2. Эхнэр хүн зөвхөн нөхөртөө хайртай байна гэсэн хууль байдаггүй тул та хадмыгаа өөрийнхөө ээжтэйгээ адилтган бодож хайрлаарай.
3. Хадмынхаа эерэг талуудыг олж хар. Түүнийг үзэн ядах бус харин хүүхдийг чинь сайн харж өсгөж байгаад баярлаж, үүнийгээ илэрхийл. Хамгийн гол нь нөхөр та хоёрын дотно сайхан харилцааг өөрчлөх хүч түүнд үгүй тул бухимдаж түүнд аашлах хэрэггүй. Хамгийн сайхан нь нөхөр чинь чиний төлөө л төрсөн ховор хүн гэдгийг санаж, элдэв зүйлд санаа зовох хэрэггүйг санаарай.
Т. Тунамал
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийд алдартай олон брэндийн бүх төрлийн гэр ахуйн ахуйн цахилгаан бараа, гар утас, каме  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл