Францын нийслэл Парис хот
2012 оны 1 сарын 25


Парис хот Франц улсын нийслэл, соёл урлаг, эдийн засаг, худалдааны төв билээ. 2008 оны байдлаар Парис хотын төвд 2, 2 сая хүн, захын хороолол бүс нутагт нь 10,4 сая хүн амьдарч байгаа нь Европын хамгийн их хүн амтай хотын тоонд оруулж буй юм. Парис хотод өдөр бүр 2 сая гаруй хүн захын болон бусад хот, улсаас орж ирэн ажиллаад харьдаг гэсэн тоо ч бий.

Парис хот газар тариалан эрхлэхэд тун тохиромжтой, үржил шимтэй хөндийд байрлах бөгөөд Сена мөрөн хотыг баруун, зүүн эрэгт хуваадаг. Энэ хот эртнээс худалдаа, аж үйлдвэр, урлаг соёлын нэгэн хүчирхэг төв байсан ба X зуунаас эхлэн Франц улсын чухал хотын нэг болж хувирчээ.

Тэнд үе дамжсан хаадын ордон, сүрлэг сүм, дуган, уран барилгын гайхамшигт барилгууд үеэс үед олны нүдийг хужирлана. Парис хотоор явахад нэг ч адил барилга байгууламж харагдахгүй, яаж ингэж энэ бүгдийг замбараатай барьж өдий хүртэл хадгалж чадсан байнаа гэж өөрийн эрхгүй дуу алдмаар. Парис хот өөрөө түүх өгүүлсэн, амьд музэй гэлтэй.

Парис хот 20 дүүрэгтэй, дүүрэг бүр нь өөрийн өнгө аястай. Тэнд баячуудын, дээдсийн, ядуусын, хятадуудын, оюутны, уран бүтээлчдийн, энгийн хүмүүсийн гээд өнгө өнгө сүлэлдсэн дүүрэг, хороолол байна.

Эртний хаадын ордон, дээдсийн хүрээллийн сууц, олон зууны туршид баригдсан ордон музей гээд бүх зүйлийг хэдий үед баригдсан тэр үеийн байдлаар нь хадгалан байнга сэргээн засварлаж байдаг. Франц орон дэлхийн хамгийн их жуулчид зорчдог орон. Тэнд өнгөрсөн жилийн байдлаар 70 сая гаруй хүн жуулчилсан гэсэн тоо гарсан нь Францын орон суугчаас даруй 7 саяаар илүү байгаа юм.

Франц улсын бүхий л хот өөрийн гэсэн өнгө аяс, түүхийн улбаатай. Үзэж харан мэлмий баясгах зүйл хаа сайгүй. Парис хотын үзвэр, түүх соёлын газрыг үнэхээр үзээд баршгүй.

1889 онд дэлхийн үзэсгэлэнд зориулан инженер Густав Эйфелийн барьсан Эйфелийн цамхаг өдгөө Парис хотын гол өнгө төрх, таних тэмдэг болж байна. Парис хотын төвд Марсын талбайд боссон цамхагыг үзэх гэж хэдэн өдөр дугаарлах нь энүүхэнд. 1995 онд 162 000 000 дахь сая үзэгчээ хүлээн авчээ.

Мөн Элисейн талбай, Ялалтын хаалга, Конкордын талбай, дэлхийн загварыг тодорхойлогч том том фирмийн нэрийн барааны дэлгүүр гээд үзээд байвал барагдахгүй.

Францын үе үеийн хаадын ордон байсан Луврын музей жуулчдын хамгийн дуртай очих газрын нэг. Францын Хувьсгалын үед уг ордонг музей болгон ашигласан ба ерөнхийлөгч Франсуа Миттеран Луврын музейг дэлхийн шилдэг нь болгох үүднээс үндэсний хэмжээний статус олгожээ. 1988 онд инженер Иоч Минглей Луврын музейн гол хаалган дээр 20 метрийн өндөртэй пирамид босгосон байна.

Парис хотын хамгийн өндөрлөг цэгийн нэг Монмарт юм. Тэнд ром-византийн үеийн чиглэлээр барьсан Сакре-Кор гэж нэрлэгдэх 80 метрийн өндөртэй сүрлэг сүм байна. Уг өндөрлөгийн бэлд нь алдарт Мулан-руж оршино.

Алдарч зохиолч Виктор Гюгогийн “Парисын Дар эхийн сүм” зохиолоор бидэнд танил болсон “Нотр Дам дө Парис” сүм Парис хотын бас нэгэн гол чимэг. 1163-1345 оны хооронд уг сүмийг барьж дуусгасан гэдэг юм билээ.

Парис хот зөвхөн эртний хаад, дээдсийн үлдээсэн өв баялгийг л агуулсан гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бүр нэрээ мөнхлөх, ард түмэндээ хэрэгтэй нэгэн том байгууламж үлдээхийг эрмэлздэг. Түүний нэг гэрч бол Ерөнхийлөгч асан Жорж Помпидо орчин үеийн хэв маягаар “Помпидогийн төв”-ийг бариулан орчин үеийн урлагийн өвийг хадгалсан явдал юм.

Парис хотын орчин үеийн барилгын хэв маяг, өнгө төрх, загвар хийцийг Дефенс хорооллоос харж болно. Өдгөө уг хороолол Францын эдийн засаг, худалдааны гол төв болжээ.

Парис хотоор урсах Сэна мөрөн дээр 37 гүүр байдаг. Гүүр болгон нь түүх, цаг үеэ гэрчлэх өнгө төрхтэй.

Парис хотод байх бүх эртний барилгыг сэргээн засварлах ажилд олон тэрбум евро зарцуулдаг. Тухайн үед баригдсан хийц, загвар, хэрэглэж байсан материаллыг хүртэл тэр хэвээр нь хэрэглэхийг чухалчилдаг.

Энэ бүх дурсгалт газар, үзвэрийн төв цэгээ нийтийн тээврийн бүхий л хэрэгсэлтэй холбож өгчээ.

Энэ сайхан хотыг алжаалгүй сонирхож баясахад үйлчилгээний газар, хоолны газар ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Төрөл бүрийн хоолны газар, хүнд хүрсэн үйлчилгээ, найрсаг харилцаа, үйлчлүүлэгчээ хүндэтгэх нь гайхамшигтай.

Парис хот үнэхээр давтагдашгүй өнгө төрх, үнэр амттай. Очих тоолонд өөрчлөгдөн өнгө засч, жавхаажиж байдаг энэ хот үнэхээр түүх, соёл, урлаг, гайхамшгийн өлгий нутаг мөн. 

Б. Алтангүл

 

 

 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийд алдартай олон брэндийн бүх төрлийн гэр ахуйн ахуйн цахилгаан бараа, гар утас, каме  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.

Сүүлийн сэтгэгдэл